2.Агуу хайр
2012-03-24,18:57
Сэдэв : Сургамжит өгүүллэг-Агуу хайр Эх сурвалж : Ном хэвлэлээс Би ой дундуур алхан голын эрэг зүглэж явлаа. Саяхан бороо орсноос ойн дундах жим тэр аяараа усанд автаж, намаг шалбааг ихтэй болсон байлаа. Тиймээс би жимээр бус аль болох ус багатай хэсгээр тойрч явах хэрэг гарлаа. Замаас гарч өөр газраар явж байтал гэнэт намайг нэг жижигхэн биетэй зүйл мөргөхийг мэдрэв. Их цочсон ч надад өвдөлт мэдрэгдсэнгүй. Гайхан лавлавал нэг эрвээхэй над руу хоёр дахь довтолгоогоо хийхээр ирж байлаа. Эрвээхэй довтолж байгаа нь надад их сонирхолтой бас хөгжилтэй санагдаж эхлэв. “Нэг муу жижигхэн эрвээхэй над руу дайрлаа гэж үү?” хэмээн бодохоос инээд хүрч байлаа. Намайг ухрах үед л эрвээхэй довтолгоогоо зогсоож, харин эргээд явах гэхээр хүчтэй ирж мөргөж байлаа. Тэр жижигхэн нисдэг шавьж байж болох бүх хүчээрээ над руу дайрч байгаа нь миний хувьд ялаа ирж суухтай л адилхан. Эцэст нь би ихэд гайхан ухрахад өнөөх эрвээхэй арайхийн далавчаа дэвж газар буув. Энэ үед л би яагаад энэ эрвээхэй над руу довтлоод байсныг ойлгов. Түүний хажууд хос эрвээхэй нь үхчихсэн хэвтэж байх нь тэр. Жижигхэн ч гэсэн энэ амьтан нөгөө эрвээхэйнийхээ хажууд суухдаа их л зоригтой харагдав. Би энэ бяцхан амьтны агуу хайр, бас зоригийг гайхан биширч байлаа. Тэр хайртай эрвээхэй дээр нь гишгэчих вий гэсэндээ надруу довтолсон байж. Хэдийгээр хос эрвээхэй нь аль хэдийнэ үхсэн ч тэр түүнийг хамгаалахыг хүсч, өөрөөс нь хэд дахин том биетэй намайг зогсоож чадлаа. Хэрэв энэ эрвээхэй над руу ингэж дайраагүй бол би гарцаагүй нөгөө эрвээхэйн дээр гишгэж таарах байсан юм. Миний хувьд замаа өөрчлөхөөс өөр энэ эрвээхэйд туслаж чадах юм үнэндээ байсангүй. Энэ цагаас хойш миний амьдралд ямарваа нэгэн хүнд асуудал тулгарахад би тэр бяцхан боловч хайрандаа үнэнч, эр зоригтой амьтныг эргэн санахаар хүч ордог болсон юм даа.