10.Шинэ шүлэг
2012-03-25,00:27
Сэдэв : Азийн цагаан дагина шүлэг
Эх сурвалж : Ном хэвлэлээс
Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хүмүүний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр унагатай
Хамт тэмцэж хөлд орохын учир
Тунгалаг шандны толиог хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би Монголдоо мэндэлсэн
Газар тэнгэрийн савслагад гайхуулж байж
Ганц яваа насаараа би Монголоороо би гоёно оо
Би хөхөөтөй зуны цэцгийн алаг шүүдрээрээ хөлөөрөө гоёдог
Хүрэн толгойн сүүдрийн айзам жавхаагаар нь хоолойгоо гоёдог
Зэрэглээтсэн талын бараан нүүдлээр нь харцаа гоёдог
Дэлэгсэн тэрлэг шиг Монгол нутгийн
Гундсан шаргал сэжүүрээн
Хошуулдсан хоргой шиг гучин гурван говийн
Худаг бараадсан өвгөдөө
Мартахын учиргүй өрөвдөхдөө шүлэг бичиж сууна
Ижийгээ дагаад аргалд явдаг байсан
Ижилгүй ганцхан тоонот минь говь
Ишиг хөөцөлдөж хөлд орохдоо
Инээж тулсан ширдэгний минь тал
Халтар чийгэнд зоо нь тэнийх
Хагсаа нимгэн морьдтой нутаг
Хугасхан өдөр бороо шивэрхэд
Хашхирч ургадаг таанатай нутагаа
Бүтэн орныхоо сэмрээгүй хаяаг
Амьтай байлгах гэсэндээ захалж нутагласан
Бүлээн зулайтай
Ээж минь та хүүдээ гомдоогүй биз дээ
Хүү чинь уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай л яваа шүү дээ
Ээжээ үүрээс нойрыг чинь харамлахдаа өрхөндөө түрүүлж
Үдшийн галаас хацрыг чинь өмөөрөхдөө тулгандаа урьтаж
Гадаа гэртийн хооронд
Гарын хариу баривал болж л байна л даа ээжээ
Гэлээ ч ижий минь та
Гарынхаа дэргэд гар
Нүднийхээ дэргэд нүд байлгах гэж
Намайг төрүүлээгүй болохоор
Ухаанаасаа ухаан төрүүлсэн болохоор
Урт холын бодол минь
Тулганы захаас хол байдаг юм шүү ээжээ
бичсэн: hand төрөл: |
(0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 315 удаа